2007-09-05
Хятадууд хувилгаануудыг тодруулах боллоо
© 2007, Монгол мэдээ сэтгүүл
www.mongolmedee.net


Маргаашнаас буюу 9 сарын 1-ээс эхлэн Хятадын Засгийн Газар Төвдийн Буддын шашны хувилгаадын хойд дүрийг тодруулах бүрэн эрхтэй болох хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Ингэснээрээ тэд Төвдийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцлийг бүрмөсөн дарах гэсэн оролдлогоо улам бүр лавшруулах нь байна. Энэхүү шинэ хуулиар Төвдийн аливаа лам хувилгаадын хойд дүрийг тодруулахдаа Хятадын ЗГ-аас зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. Төвдийг хагас зууны турш эрхшээлдээ байлгаж байгаа Хятадын шинэ хуулиар бол Хятадаас гадна байгаа хэн ч энэхүү үйл явцад нөлөөлж болохгүй бөгөөд зөвхөн Хятадын сүм хийдүүд зөвшөөрөл хүсэх эрхтэй гэнэ.

Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгч төвдүүд болон мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь цэвэр нэг хүний эсрэг, тухайлбал нутгаасаа дүрвэсэн Төвдийн оюун санааны удирдагч Далай ламын эсрэг гэдэг нь тодорхой байна гэлцэж байна. Хятадын үзлээр бол 72 настай Далай лам нь “салан тусгаарлагч” этгээд бөгөөд түүний хойд дүрийг тодруулах үйл явцад саад хийхээр оролдож буй оролдлого юм.

Коммунист Хятадад ер нь аливаа шашин шүтэх эрх чөлөө ихээхэн боогдмол байдаг. Жишээ нь тус улсад сая сая дагалдагчтай Католик шашны сүм хийд нь зөвхөн ЗГ-ын зөвшөөрөлтэй сүмүүдэд очиж мөргөл үйлддэг бөгөөд тус сүмүүдийн Бишопуудыг Ромын Папын зөвшөөрөлгүйгээр томилдог байна.

Энэхүү хуулийг Хятадууд дөнгөж сая гаргаж байгаа ч хэдэн арван жилийн өмнөөс л Төвдийн шашны удирдагч нарыг хавчсаар ирсэн нь Далай ламын дүрвэлт болон 1995 онд тодруулсан Панчин ламын хойд дүрийг шоронд хорьсоноос харж болно. Хятадууд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрсдийн хүнийг Панчин ламаар тодруулсан билээ.

Хятадын бараг нэг номерын дайсан болоод байгаа Нобелийн Энх Тайвны шагналт Далай лам нь өөрийнхөө Хятадын эсрэг зоригтой тэмцэл, хурц үгсээрээ тэднийг үргэлж цочроож байдаг. Тэрбээр хэдэн жилийн өмнө мэдэгдэхдээ түүний хойд дүрийг Төвдөөс бус өөр улсаас тодруулах болно хэмээн мэдэгдсэн. Мэдээж Хятадууд өөрсдийн Далай ламыг тодруулах нь мэдээж бөгөөд Энэтхэгийн Дарамсалад байрлах Хүний Эрх, Ардчилалын Төвдийн Төвийн хэвлэлийн төлөөлөгч Дэнзэн Норгайн мэдэгдэж буйгаар Төвдүүд тэрхүү хуурамч Далай ламыг хүлээж авахгүй нь мэдээж гэнэ. “Шашингүйн үзлийг номлодог улс төрийн нам хэрхэн дараагийн Далай ламыг таних билээ дээ? Бээжингээс сонгогдсон Панчин ламыг Төвдүүд хүндлэхгүй байгааг харж байна. Тэд өөрсдийн Далай ламыг сонгох аваас мөн л ийм үр дүнтэй байх болно” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Хятад энэхүү хуулийг зөвтгөхдөө тус улсын үндэстэн ястан бүрийн эв нэгдлийн төлөө хийж буй алхам хэмээн мэдэгдсэн байна. Бээжин нь сүүлийн жилүүдэд тус бүс нутаг дахь ядуурлыг бууруулахын тулд ихээхэн чармайж байгаа бөгөөд өнгөрсөн онд л гэхэд Бээжингээс Төвд хүртэл сүүлийн үеийн төмөр замыг ашиглалтад оруулсан билээ. Харин төвдүүдийн эмээж буйгаар хятадууд тус үндэстний соёл, зан заншлыг устгах оролдлого хийж байгаа аж. Дэлхий даяар нийтдээ 130,000 гаруй төвдүүд эх орноосоо алс хол, дүрвэгч болон амьдарч байна. Жил бүр олон арван лам хуврагууд эх орноосоо дүрвэдэг бөгөөд ингэхдээ хүнд хэцүү Хималайн уулсыг давах шаардлагатай болдог билээ.

Далай лам нь 1959 онд эх орноо орхисон бөгөөд Төвдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ зөөлрүүлээд байгаа бөгөөд ядаж илүү эрхтэй автономит эрхийг шаардаж байгаа билээ. Түүний төлөөлөгч нар Хятадтай олон талт хэлэлцээрүүд хийж байгаа ч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байна.

Улс орныг шашин шүтлэгтэй нь хумиж байгаа Хятадын аюул ч удахгүй бидний өмнө тулж ирэх нь байна. Монголын хүн амын ихэнх хувь нь Төвдийн Буддын шашны шүтлэгтэй гэдгийг тэд нар сайн мэдэж байгаа. Үүний цаана Монгол улсыг бас нэг өнцгөөс нь боомилох гэсэн атгаг санаа тэд нартай байж л байгаа. Хоол хүнс, газар нутаг, зам харилцаа, барилга, эрүүл мэнд, уул уурхай, урлаг соёл гээд бид олон талаараа Хятадын дор цагаан тугаа аль хэдийнээ өргөсөн салбарууд зөндөө. Гэтэл одоо ингээд оюун санаатайгаа тус улсад дагаар орох болох нь ээ.

Америкийн Дуу Хоолойн мэдээллийг ашиглан бэлтгэв.
Бичсэн: hikari | цаг: 21:52 | УТ,ЭЗ,бас бус
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
тэр ч яхав цаадуул чинь сая уртын дууг манайхтай хамт НҮБ-ийн соёлийн өвд бүртгүүлсэн байна лээ... Монголчуудыг энэ өвөрмөц урлагийг цаашид авч үлдэхэд нь туслах юм байх...
Бичсэн: sirus цаг: 09:27, 2007-09-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax