2007-11-14
Боловсролын байгууллага дахь авилгал

2 жилийн өмнө ийм юм бичиж байсан байх юм.


“Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино”

 

Монгол улсын боловсролын тухай хууль

 

Монгол улс, 2,7сая хүн 100 илүү их дээд сургуультай. Энэ тооноос үзвэл сургуулийн хангалттай байдлаараа дээд боловсролтой хүний нөөцийн баялагтай байж болохч энд мөн чанарын тухай ярих ёстой.

Сүүлийн хэдэн жилийн турш Монголын боловсролын системд гараад байгаа асуудал бол их дээд сургуулийн элсэлтийн шалгалт гэхчлэн олон нөхцөлд газар авсан боловсрол дахь авилгал юм. Дээд боловсролын бүх төвшинд авилгал илэрдгээр барахгүй бүх үйл ажиллагаанд нь нөлөөлж байна.

Авилгал гэдэг нь албан тушаал эрх мэдлээ зохисгүй ашиглаж хувийн болон материаллаг ашиг олох явдал бөгөөд түүний ерөнхий илрэх зам нь зөвшөөрөл олгох тогтолцоо, лиценз болон байгууллагын эрхийн бичиг гаргах, мэрэгжлийн удирдлага зэрэг байдаг.

Боловсролын хувьд багш, сургууль нь суралцах эрхийг шудрага бус өрсөлдөөнөөр олгох, шалгалтын дүнг үнээр(бусад материаллаг зүйл ч байж болдог) засах байдлаар илэрнэ. Хахуульдагдсан шалгалтын үр дүнд хамгийн бага мэдлэгтэй сурагч ч дээд сургуульд элсэх эрх олж чаддаг. Зарим тооцоогоор сургуульд элсүүлэх хуваарийн ихэнх нь хөрөнгөтэй хүүхдүүдэд зарагдсан.  Мөн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын оноо болон элсэх эрх нь тухайн сургуулийн нэр хүнд, чанараас шалтгаалж 100 – 3000 орчим долларын үнэд хүрдэг гэсэн явган яриа ч байдаг(гэтэл Монгол энгийн өрхийн сарын орлого 100-200 доллар байгаа).

 Нэгэнт ийм замаар элсээд орсон оюутан сурсан зангаараа мөнгөө төлөөд шалгалтуудаа давчихна, бүр эцэст нь Дипломоо хүртэл худалдаж авна(мөн л зуу зуун доллар).

Бас нэг хэлбэр нь авилгал боловсролын материалд нөлөөлжээ. Професорууд өөрийнхөө номыг оюутнууддаа шалгалтын дүн зэргээр нь дарамталж шахна, эсэхүл хичээлийн сурах бичиг болгон ашиглаж аргагүй байдалд оруулдаг.

 

Шалтгаан болон үр дагавар:

Авилгалын шалтгаан маш олон байх бөгөөд магадгүй улс орны эдийн засгийн хэт муу байдлаас үүддэг байж болох юм. Багш удирдлагын цалин нэр хүнд сүүлийн арван жилд эрс буурснаас болж ядуухан цалингаасаа илүүхэн орлого олохын тулд тэд хээл хахуульд автдаг. Мөн боловсролд хэтэрхий нэвчсэн төрийн зохицуулалт нь боловсролын салбарыг улам хямралд оруулжээ. Улсын тус салбарт оруулах төсөв багассан нь их сургуулиудыг мөнгөний өөр эх үүсвэртэй болоход хүргэсэн байж болох юм. Хэрэгждэггүй хуулиуд болон төрийн хэт зохицуулалт нь авилгалын төвшинг улам нэмэгдүүлж байна.

Эдгээрээс гадна Монголчуудын өргөл барьц өгөх үзэгдлээс болж боловсрол дахь авилгал энгийн асуудал болон хувирч хуурах хахуульдах зэрэг нь амьдрал дээр бараг хүлээн зөвшөөрөгддөг.

Авилгал хээл хахуулийг бууруулах, авилгалын эсрэг үйл ажилагаанууд цөөхөнч болов явагдаж байгаа ч бодитой өөрчлөлт нийгэмд гарах төлөвгүй л байна. Сургуулийн ажилтан, багш, албаны хүмүүс авилгалыг хүлээн зөвшөөрсөн хэвээр. Учир нь тэдгээр эрх мэдэлт, өндөрлөгт байгаа хүмүүс маань өөрсдөө авилгалын нэг хэсэг болж тэрнээсээ ашиг олсоор байгаа.

 

Үр дүн, ирээдүй

Хэдийгээр монгол улсын боловсролын хуулинд “иргэнийг оюун ухаан, ёс суртахууны чадвартай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг болгон төлөвшүүлэх” зорилт байдагч авилгалын уршгаар энэ нь алдагдаж байна.

Дээд боловсрол бол улс орны эдийн засаг, ардчиллийн түлхүүр болдог. Учир нь аливаа улс үндэстэн их сургуулиудаараа ирээдүйн лидерүүдээ бэлдэж бас сонгодог билээ. Хэрэв энэ сонголт нь нэр хүнд хахууль дээр суурилвал улсын эдийн засаг нийгмийн хэтийн байдал тийм л болно. Ирээдүй болсон оюутан сурагчид ямар орчинд боловсроно тэр л орчин улс оронд минь удахгүй ноёрхоно.Өнөөдөр чанаргүй боловсон хүчин төрвөл маргааш чанаргүй Монгол улс мөхнө. Шалгалтуудаа хахуулиар давсан болохоор жинхэнэ сурсан мэдлэгээр хомс нэгэн мэргэжлийн ажил дээрээ гараад хэцүүддэг нь эдийн засагч, хуульч, математикч мэргэжилтэй худалдагч нарыг олон төрүүлдэг. Тэд улсын хөгжилд нэмэр өгөх боловуу. Японд ахлах сургууль төгсөгчдийн 40-50 хувь нь л дээд боловсрол эзэмших эрхтэй болдог нь мэргэжлийн тэнцвэрийг хангах, чанартай хүний нөөц бүтээхэд, мөн тусгай мэргэжлийн салбарыг эзгүйдүүлэхгүй давхар давхар сайн талтай. Харин манайд 90 гаруй хувь нь их дээд сургуульд элсэж байна. Үүн дээр авилгалаар бүтсэн сургуулиуд ч чанаргүй сургалтаар чанаргүй төгсөгч гаргадаг.

Хэрэв сургуулиуд “үнэнч” байдал, “иргэний нийгэм” “иргэний үүрэг” зэргийн ач холбогдлыг оюутнууддаа ойлгуулж чадахгүй бол эдгээр үнэт зүйлс манай улсад тогтож чадахгүй, түүгээр үл баран өдгөө ардчилал, шудрага нийгмийн үйлсд хувь нэмэр оруулж буй төгсөгчдийхөө нэрийг хугалах болно.

 

Юу хийж болох вэ?

Авилгалын асуудалтай тэмцэх яг тохиромжтой арга байхгүй байж болохч юун түрүүнд энэ гаж үзэгдлийн явц, хор уршигийн талаар цэгцтэй сургалт явуулж сурагч оюутнуудын авилгалтай тэмцэх санаачлагыг нэмэгдүүлэх нь чухал байна. Мэдээж төрөөс боловсролын байгууллагт оруулах мөнгийг ихэсгэж, авилгалд өртөхгүй байх боломжийг олгоод үзье.

Мөн оюутны холбоо, оюутны засгийг дэмжиж ажиллаж болно. Авилгалыг дарахад пенцилинтэй адил хүчтэй эм байхгүй тул түүний сүүдэрт өртдөг хүн бүр улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө зөв шийдвэр гаргавал боловсролын авилгалыг бидний ухамсар ялна.

Бичсэн: hikari | цаг: 22:50 | УТ,ЭЗ,бас бус
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 14:51, 2010-11-05 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 14:50, 2010-11-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax