2007-04-14
Түүхээс ухаарлаа

Би Чингисийн удам, найман зууны тэртээ дэлхийн талыг морин туурайгаар бөмбөрдөж явсан, хөх толбот Монгол эр. Ингэж хэлэхэд цус нь оргилохгүй Монгол хүн гэж байхуу. Азийн зүрхэнд, асар уудам газар нутгийг эзэмшин, ёстой л дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа дураараа хөрвөөж, агь таана үнэртсэн нүд алдам тал, арц гацуур ханхалсан ой хөвчөө санах үед хамар нь шархирахгүй хүн олдох болов уу. Адууны зэл, аргалын утаа Монгол наадмаа дурсахад сэтгэл нь хөөрөхгүй хүн гарахгүй бизээ.

Түүхэнд мэдээж хар цагаан, буруу зөв, алдсан авсан цаг байх ёстой. Бидний Монгол үргэлж дэлхийн талыг эзэгнээд байж чадсангүй, 1368 онд Юан гүрэн задарснаас эхлэн Монголчуудын сүр хүчин буурч, дундад азийн Цагаадайн улс 1370 он, 1395 онд, ойрхи дорнодыг захирч байсан Ил Хаадын улс, 1480-аад оноос Алтан ордын улс доройтсоноор Дэлхийн түүхэн дэх Монголын ноёрхол эцэс болов. Үүгээр ч зогсохгүй, умбасан тансагллаа санагалзсан Монгол ноёд гэртээ багтахаа больж, өөр хоорондоо тэрсэлдэх болж, хэд хэд хуваагдаад эцэст нь 1691 онд Халх Монгол, 1755 онд Зүүн гарын хаант улс яг л бидэнтэй адил нүүдэлчин гаралтай Манж нарын эрхшээлд орсон билээ. “Хэдий чинээ өндөр ниснэ, унахдаа төдий чинээ чанга унана” гэдгээр хэтэрхий түргэн хугацаанд гайхам алдарт хүрээд, түүнийгээ алдахдаа мөн бүхнээ алдчихжээ. Бусдын дор ороод зогсохгүй, эрх мэдэл, эд баялаг хүссэн ноёд нь хэрэлдсэн хүүхдүүд шиг бие биенээ Манжид ховлодог байжээ. Энэ мэт доройтсон ч бид бас хувьтай улс юм. Ард олны уур оргилдоо хүрч, гартай болгон зэвсэг барин босоход бэлэн байсан үед, урд зүгт үймээн болж, хойд зүгт нар мандлаа. “Манжаас л салж байвал чөтгөртэй ч хамаагүй нөхөрлөхөд бэлэн байсан” гэгддэг тэр цагт, Манж Чин гүрэн мөхөж, Монголыг Гамин Хятад, Манжийн дарлалаас чөлөөлж эзэн суутал, Цагаан Орос Гамингаас чөлөөлж орогнох үед нь Улаан Орос хүрч ирэн чөлөөллөө. Энэ мэт түүхэнд хэтэрхий хачирхалтай аз завшаан гэхүү, үлгэр мэт замаар бид тусгаар улс болжээ. Үүнээс хойш 70 жил, ЗХУ ийн араас дагаж, болох болохгүй бүхнийг нь дууриасаар “Ах”-тайгаа адил Монголын засаг нурах үед нь “Хонх” дугарлаа. Ингээд өнөөгийн дэлхий дахины хүлээн зөвшөөрсөн Ардчилал-н замаар алхаж явна. 18 жилийн өмнө хийсэн энэ өөрчлөлтийн үр өгөөж, хор уршиг аль аль нь одоо ч гэсэн гарсаар байна. 70 жил тэжээлгэснээсээ болоод талхаа өөрөө олж иддэг гэдгийг мэдэхгүй Монголчуудад зах зээлийн шинэчлэл гэнэтийн цохилт болж, уг нь өөр өөрсдийгөө болгоод явдаг чөлөөт ардчиллын зарчим, нэг нэгнээ мөлждөг “зэрлэг ардчилал” гэгчрүү хэлбийчихжээ. Иймд авилгал, ажилгүйдэл, амьдралын төвшиний ялгаа хэтэрхий ихдэж, энэ бүхнийхээ орон зайг зээл тусламжаар нөхдөг болсон байна.

Яг өнөөдрийн Монгол, миний амьдарч буй он цаг, эх түүхийн минь аль хэсэгт бичигдэх бол... Түүх гэгч долгиолсон хэлбэлзэлтэй байдаг гэсэн, Өөдлөх цаг байсан, унасан ч үе байгаа. Ингэж бодвол тун удахгүй бидний Монгол ахин дэлхийн тайзан дээр гол дүр болох ёстой. Гэтэл одоогийн бидний дүр төрх, залуусын маань бодол сэтгэл тэртээ арван гуравдугаар зууны эрэмгий хөвгүүдийн хэмжээнд хүрэх болов уу. Мэдээж мэс бариад тулалдахгүй нь ойлгомжтой ч, эх орноо хайрлах сэтгэл, ирээдүйд нь найдах найдвар, өөрийгөө зориулах итгэл нь тэдний адил байдаг билүү. Сүүлийн үед “тун удахгүй Монголын морьтон хөх цэргүүд гарч ирж Дэлхийг дагуулна” гэсэн яриа их түгэж, залуусын зүрхийг булиглуулж байгаа ч санасны зоргоор цэргүүд төрөөд, дэлхийг чичиргэх нь юу л бол гэж санана. Харин монголын хөх цэрэг гэдэг нь одоогоор дэлхийн чихийг сортойлгоод байгаа хөх ногоон зэсийг хэлээд ч байгаа юмуу. Яах аргагүй энэ “хөх цэрэг” дэлхийг дагуулж байна. Гэхдээ дагаж ирэгчид нь Монголын газар шороог тонож цөлмөөд гарвал энэ “хөх цэрэг” юунд хэрэгтэйсэн билээ. Энэ бүх байдалд нь өчүүхэн миний санаа зовнихоос өөрийг хийж үл чадна.

Бид азаар дурсах түүх, бахдах өвгөдтэй улс юм. Бяцхан ч гэсэн энэ үндэстнийг Чингис Хаанаар минь хаяглаад, андахгүй хүн цөөхөн ажээ. Гэвч хэдий болтол бид Чингис гэсэн нэрээр зээл авч, нүүдэлчин гэсэн нэрээр зочин цуглуулж, ядуу гэсэн нэрээр алгаа тосох юм бэ. Бидний энэ үе өөрийн гэсэн бахархах зүйл, бахдах яриа, хийсэн зүйлтэй байхыг хүснэ. Шинийг бүтээх, Өөрөө бүтээх, Түүхийг бүтээх...
Бичсэн: hikari | цаг: 13:41 | Бодол санаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


надаа таалагдлаа
Бичсэн: сувд (зочин) цаг: 23:55, 2009-11-06 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 23:53, 2009-11-06 | Холбоос | |


ок хөгшөөн
энэ бодрол гэхээс илүү сонинын ниитлэл шиг санагдчихлаа гэхдээ доор бна гдг муу ч дээшээ л өгсөхөөс уруудахгуи нэг саихан талтаи шд... Дэкстэр...
Бичсэн: Зочин цаг: 00:29, 2007-05-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax